National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдварын тандалтын судалгааны дүнгээс
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2017 оны 02 сарын 16

Үндэслэл:

Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын тохиолдол 2016 оны 10 дугаар сараас хойш Хятад улсад эрс нэмэгдсэн байна. Энэхүү тандалтын дүн, шинжилгээ нь шувууны томуугийн A (H7N9) вирүстэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэх болно.

Одоогийн нөхцөл байдал

Амьтдын дундах вирүсийн тархалтын газарзүйн байршил

Шувууны томуугийн A (H7N9) вирүс нь тэжээвэр шувуудад хөнгөн хэлбэрийн эмнэлзүйн шинж тэмдгээр илрэх ба зарим тохиолдолд огт шинж тэмдэггүй байж болно, зөвхөн вирүс судлалын идэвхтэй тандалтаар илрүүлэх боломжтой. Хятад улсад шувууны томуугийн A (H7N9) вирүсийн идэвхжлийг тогтмол хянаж байдаг. 2016 оны 12 дугаар сараас эхлэх Хятад улсын Хөдөө, ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа амьтны дундах томуугийн вирүсийн тандалтын үндэсний хөтөлбөрөөр Аньхуй, Гуандун, Жежиан мужуудаас шувууны томуугийн A (H7N9) вирүсийг илрүүлсэн байна. 2016 оны 12 дугаар сард Хятад улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос амьд шувууны зах дээр суурилан хийсэн тандалтаар Гуандун мужийн амьд шувууны захын эд зүйлсээс авсан нийт сорьцны 9.4%-д, Жинсү мужид 15.8%-д шувууны томуугийн A (H7) вирүс эерэг тодорхойлогдсон бөгөөд ихэнхдээ A (H7N9) вирүс илэрсэн байжээ.

Эмнэлзүйн хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг шувууны томуугийн вирүсийг илрүүлэх, халдвартай шувуугаар халдвар олон улсад дамжин тархаж байгаа зэргийг тодорхойлоход их бэрхшээлтэй байдаг. Одоогоор шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвар Хятад улсаас өөр орны тэжээвэр шувуудад хараахан илрээгүй байна. Хятад улсын хөрш зэргэлдээх улсууд өөрийн орон дахь шувууны томуугийн тандалтыг нэмэгдүүлээд байгаа бол зарим улс орнууд Хятад улсаас амьд тэжээвэр шувуу импортлохоо түр зогсоогоод байгаа юм байна.

Хүний халдвар:

Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын тохиолдол 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын байдлаар эрс нэмэгдсэн байна. Халдварын эхэн үеийн давалгаануудтай харьцуулбал одоогоор тус вирүсийн халдварын 5 дахь давалгаа болж байна. Өмнөх бүх тохиолдлуудын тархварзүйн мэдээлэл тодорхой, ихэнх тохиолдлууд амьд шувуудын зах, тэжээвэр шувуудын ферм, халдвартай эд зүйлстэй хавьтсан зэрэг өгүүлэмжтэй байна. Тав дахь давалгааг өмнөх давалгаануудтай харьцуулбал нийт гурван голомтолсон өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор мэдээлэгдсэн хүний халдварын тохиолдлуудаас харахад өндөр ач холбогдолтой тархварзүй, эмнэлзүй, өвчний үр дагаврын талаар ямар нэг өөрчлөлтүүд ажиглагдаагүй, мөн хүнээс хүнд халдвар тогтвортой дамжин тархаж байгаа нотолгоо байхгүй байна.

Дэлгэрэнгүй...
 
Увс аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ
Бичсэн Д.Оюунгэрэл, А.Бурмаа   
Мягмар, 2017 оны 02 сарын 14

Увс аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд 2017 оны 2 дугаар сарын 9-нөөс 11-ний хооронд Томуугийн үндэсний нэгжийн дарга, АУ-ны доктор А.Бурмаа, халдвар судлагч их эмч, НЭМУ-ын магистр Д.Оюунгэрэл нар томуугийн тандалтын үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх зорилгын хүрээнд дэмжлэгт хяналтыг хийлээ.

Дэмжлэгт хяналтаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр, Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Л.Мянганбаяр, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Наранбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Пүрэвжав, халдвар судлагч их эмч Н.Эрдэнэчимэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмч, мэргэжилтнүүдтэй уулзан, томуугийн тандалт, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, улирлын томуугийн вакцин, тамифлю эмийн хэрэглээ, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцан санал солилцлоо.

Мөн ТТӨ, АЗХХ болон амьсгалын замын бусад халдварт өвчний тархварзүйн онцлог, өвчлөлийн байдал, тандалт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлж ажиллах талаар Өрхийн эрүүл мэндийн төвийн 30 гаруй эмч нарт ажлын байран дээр сургалт зохион байгууллаа.

Увс аймагт тус долоо хоногт ТТӨ-ий байдал өмнөх долоо хоногуудтай харьцуулахад буурсан хэдий ч амбулаторийн үзлэгт эзлэх хувь 19.9 байж, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн орны ачаалал бага хэдий ч хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын замын хүндрэлтэй бага насны хүүхдүүд зонхилох хувийг эзэлж байна.

Дэгдэлтийн үеийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс дурьдвал 2016/2017 оны томуугийн улиралд авч хэрэгжүүлэх арга хэмжээний 17 заалт бүхий төлөвлөгөөг ЭМГ-ын даргаар батлуулан, дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд эрүүл мэндийн байгууллага болон сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт ТТӨ-ий дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, эмнэлзүйн менежментийн чиглэлээр 3 удаа сургалт зохион байгуулсан, ХӨСҮТ болон “Энхсаруул” ХХК-аас тус бүр 100 хүн тун улирлын томуугийн вакцин захиалан авч сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан, орон нутгийн радио, телевизээр ард иргэдэд ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмол хийсэн, мөн ӨЭМТ-үүдийг уртасгасан цагаар ажиллуулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан байна.

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сум, сум дундын эрүүл мэндийн төвүүдэд тамифлю эмийг хуваарилан хүргүүлж, аймгийн Онцгой байдлын комиссоор нийт 24 сая гаруй төгрөгний тусламж, дэмжилгийг шийдвэрлүүлэн хүргүүлж, өвчлөл, эндэгдэлийг бууруулах, гаргахгүй байхад анхааран ажиллаж байна.

ТХТН-үүдэд томуугийн тандалтын мэдээ өгөлт тогтмолжсон, ТТӨ-тэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гарган түүний дагуу үйл ажиллагаагаа явуулж хэвшсэн, томуугийн теле хуралд идэвхтэй оролцдог, ТҮТ-өөс гаргадаг 7 хоног тутмын эргэн мэдээллийг авч үйл ажиллагаандаа ашиглаж хэвшсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
Хэнтий, Сүхбаатар аймгуудын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ
Бичсэн Д.Оюунгэрэл   
Даваа, 2017 оны 02 сарын 06

Томуугийн харуулдан тандалтын 2 дугаар зэрэглэлийн нэгж болох Сүхбаатар, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн тандалтын үйл ажиллагаа, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй ХӨСҮТ-ийн зөвлөх эмч, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Н.Цэнд, ТҮТ-ийн халдвар судлагч их эмч, Нийгмийн эрүүл мэндийн магистр Д.Оюунгэрэл нар 2016 оны 2-р сарын 1-нээс 5-ны өдрүүдэд газар дээр нь очиж танилцан, ажлын байран дээр сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

Аймгуудад ТТӨ болон АЗЦХХ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад буурсан, ӨЭМТ болон НЭ дээр ачаалал бага байлаа. Өвчлөлийн дэгдэлт 2017 оны 1-ээс 2 дугаар хоногт оргил үедээ хүрсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын дагуу шуурхай зохион байгуулж, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, зөвлөлгөө, мэдээллийг албан тоотоор харъяа эрүүл мэндийн байгууллага, дээд шатны удирдлагууд, боловсролын байгууллагуудад шуурхай хүргэн хамтран ажилласан байна. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дурьдвал өвчлөлийн оргил үед аймгийн НЭ дээр 10-30 орыг нөөц, хүчин чадлынхаа хэмжээнд тулгуурлан дэлгэж, ӨЭМТ-үүд оройны 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, эрсдэлт бүлгийн хүн амд чигэлсэн тусламж үйлчилгээг гэрийн үйлчилгээнд шилжүүлж, гэрийн эргэлтийг нэмэгдүүлж, ард иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж ажилласан байна. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, ард иргэдэд чигэлсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхтэй сурталчилан ажилласан байна.

Аймгуудын хэмжээнд томуугийн тандалтын мэдээ өгөлт тогтмолжсон, ТТӨ-тэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гарган түүний дагуу үйл ажиллагаагаа явуулж хэвшсэн, томуугийн теле хуралд идэвхтэй оролцдог, ТҮТ-өөс гаргадаг 7 хоног тутмын эргэн мэдээллийг авч үйл ажиллагаандаа ашиглаж хэвшсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
АНУ-ын “Protein Sciences Corporation” үйлдвэрлэгчийн нийлүүлсэн “Томуугийн эсрэг “Flublok” вакцин”
Бичсэн А.Бурмаа   
Даваа, 2017 оны 02 сарын 06

Жил бүр томуугийн вакцины найрлаганд орох вирүсийн омгууд өөрчлөгдөн шинэчлэгдэж, жил бүр вакцинд хамрагдах шаардлагатай болдог нь томуугийн А вирүсийн хувьсамхай чанартай холбоотой юм. Томуугийн вирүсийг ихэвчлэн тахианы үр хөврөлд өсгөвөрлөн гарган авч, улмаар вакцины найрлаганд ордог. Тийм ч учраас томуугийн вакцинд хамрагдах хүмүүсээс тахианы өндөг болон вакцины найрлаганд орсон бусад бодист харшилтай эсэхийг асууж лавладаг билээ.

Томуугийн вакцин 3, 4 цэнт гэж байна. Өөрөөр хэлбэл вакцины найрлаганд томуугийн А вирүсийн H3N2, H1N1 болон В вирүсийн 1 эсвэл 2 төрлийн төст вирүсүүд ордог.

Харин А вирүсийн бүх дэд хэвшинжийн эсрэг нэгэн зэрэг хамгаалж чадах олон-цэнт вакцин боловсруулах ажил туршилтын шатандаа явагдаж байна.

Одоо манай улсад орж ирээд байгаа АНУ-ын “Protein Sciences Corporation”-ы вакцин нь тахианы үр хөврөлд бус эсэд өсгөвөрлөн гаргаж авсан, өндөр түвшний цэвэршүүлсэн рекомбинант вакцин юм. Энэ нь өндгөнд харшилтай хүн ч хийлгэж болох, ямар нэгэн антибиотикийн хүчлүүргүй вакцин гэдгээрээ давуу талтай юм.

Вакцины найрлаганд орж буй вирүс бүгдээрээ нэгэн зэрэг солигдохгүй байх боломжтойг 2009 оноос хойш томуугийн вакцины найрлаганд байнга байгаа бидний ярьж заншсанаар цартахлын А (H1N1) төст вирүс харуулж байна. Энэ вирүс 2009 оноос хойшхи 8 томуугийн улирал дараалан вакцины найрлаганд байсаар байна. Тийм учраас вакциныг хийлгэснээр тухайн вирүсийн эсрэг тариулсан хүнд дархлаа бий болно гэж ойлгох хэрэгтэй.

Вакциныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн газар, онцгой байдал, цэрэг, цагдаа зэрэг хүчний зэрэг байгууллагуудад хуваарилж, 18 ба түүнээс дээш насныхныг үнэ төлбөргүй вакцинжуулах ажил хийгдэж байна.

Манай улсад томуугийн вирүс хүн амын дунд хавар 5 сар хүртэл эргэлтэнд байж, өвчлөл болон алаг цоог дэгдэлтийн шалтгаан болдог тул вакциндаа яаралтай хамрагдахыг ХӨСҮТ, ТҮТ-өөс зөвлөж байна.

 
Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийсэн
Бичсэн А.Бурмаа, Ч.Уртнасан   
Даваа, 2017 оны 02 сарын 06

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга, АУ-ы доктор А.Бурмаа, ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан нар 2017 оны 1 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Ховд аймгийн амбулатори болон эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллалаа.

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Амаржаргал, халдвар судлагч их эмч Одхүү, БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Анхбаяр, хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Бямбаа, их эмч С.Халиунаа, чанарын албаны дарга Б.Оюунцэцэг, халдвар судлагч их эмч С.Бат-Өлзий болон “Баатархайрхан”, “Рашаант”, “Жаргалант”, “Бугат”, “Буянт” ӨЭМТ, Манхан сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзан томуугийн тандалтын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг тасралтгүй ханган ажиллах, ТТӨ, АЗЦХХ-ын тохиолдлын тодорхойлолтыг хэрхэн ойлгож бүртгэлийг явуулдаг, сорьцийн бүртгэл зэрэгтэй танилцан, санал солилцлоо. Тандалтын нэгжүүдийн ТТӨ-ий дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний болон гамшгийн үеийн төлөвлөгөөтэй танилцан, ЭХЭМҮТ-өөс гарган хүргүүлсэн эмнэлзүйн удирдамжийн ашиглалт, тухайн аймаг орон нутагт байгаа эм, хэрэгслийн нөөцтэй танилцлаа. ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын хэрэгжилтийг БОЭТ, ӨЭМТ-үүд, сумын ЭМТ тус бүрт үзнэ танилцан үнэллээ. Тус аймгийн ТХТН-ийн тандалтын үйл ажиллагаа жигдэрсэн, томуугийн мэдээ өгөлт тогтмолжсон, ТТӨ-ий дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийн, түүний дагуу арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч ялангуяа сорьц авалтын тоо цөөн, авсан сорьцонд вирүс илрэлтийн хувь бага байгааг анхааруулж, сорьц авах арга техникт суралцах, дадлагажих, шинжилгээ авах өвчтөнийг болон хугацааг зөв сонгох талаар зөвлөлөө.

ӨЭМТ, БОЭТ-ийн нийт 30 гаруй эмч мэргэжилтнүүдэд ТҮН-ийн дарга А.Бурмаа “ТТӨ-ий тандалт, урьдчилан сэргийлэлт, дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ”-ний талаар, клиникийн профессор Ч.Уртнасан “Эрсдэлийн үеийн харилцаа холбоо” сэдвээр сургалт хийв.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 21 - 25 - 497

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр234
mod_vvisit_counterөчигдөр686
mod_vvisit_counterэнэ 7 хоногт2687
mod_vvisit_counterэнэ сард12477
mod_vvisit_counterбүгд1145991

Одоо сүлжээнд